Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж

2004 онд Невада мужийн Якка ууланд Америкийн цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажил зогссон. Учир нь засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг барихад 10 000 жилийн аюулгүйн баталгааг хангалттай биш гэж Америкийн шүүх үзжээ.

Плутони-239-ийн хагас задралын хугацаа 24 400 жил байдаг. Жишээ нь 30 тонн плутони хадгалахад 24 400 жил өнгөрсний дараа ч 15 тонн плутони хорт туяагаа цацруулсаар л байна гэж ойлгож болох юм. Манай эриний тоолол эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний насаар тооцвол дөнгөж 80 үе өнгөрсөн байна. Харин 24 400 жил гэдэг нь 960 үе удам дамжих хугацаа ажээ.

10 000 жилийн аюулгүйн баталгаа гэдэг бол хэмжээ хязгааргүй бардамнал юм. Онолын хувьд одоогийн цугларсан цөмийн хаягдлын хэмжээ, цөмийн хаягдлын хор хөнөөлтэй байх хугацааг тооцож үзвэл 1 сая буюу түүнээс олон жилийн аюулгүйн баталгаа шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь огт утгагүй, хэрэгжүүлэх боломжгүй зүйл юм.

Өмнөх жишээн  дээр тайлбарлавал 30 тонн  цөмийн хаягдал урвалд орж задарсаар 366 000 жил өнгөрөхөд 1 кг болно. Гэвч энэ цацраг идэвхит хаягдлын зөвхөн 1 граммыг хэдэн мянга хуваасантай тэнцэх хэмжээтэй бодисоор амьсгалахад уушигны хавдар тусахад бүрэн хангалттай  байдаг ажээ.

Чернобылийн ослын дараа хөрш зэргэлдээх Беларуст төрсөн хүүхэд

Атомын цахилгаан станцаас (АЦС) гарсан өндөр аюултай хаягдлуудад хийсэн анализаас үзэхэд Йод-129,  Технициум-99, Циркониум-93, Ниоб-94, Уран-233, Цезиүм-138, нэн ялангуяа Нептониум-237 гэдэг изотопууд сая гаруй жилийн дараа ч хорт туяагаа ялгаруулсаар байдаг байна. Бременийн их сургуульд хийсэн лабораторийн судалгаанаас үзвэл шилэн бүрхүүл дор хадгалсан цацраг идэвхт бодис 1 сая жилтэй тэнцэх хугацааны дараа бүрхүүл хамгаалалтаа идэж хайлуулан гадагшлах бөгөөд тэр үеэд ч түүнийг хүрээлэх орчин дахь цацраг туяаны хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс 250-560 дахин их байх юм байна.

Хамгийн эртний сүг бичиг 5000 жилийн өмнө бичигдсэн байдаг гэдэг нь барагцаагаар 200 үеийн өмнө ажээ. Тэгвэл 8000-12000 жилийн дараа өнөөгийн хэл ярианы сан бүрмөсөн устаж байхгүй болно. Хэн ч “Цөмийн хаягдлын агуулах” гэсэн үг үсгийг гарчиглаж уншиж чадахгүй болно. Иймд цөмийн хаягдлын аюулын талаар хойч  үеийнхэндээ анхааруулж мэдээлэх зорилготой тусгай мэдээллийн сан байгуулах тухай бодит саналууд ч яригдаж байна. Эдгээрээс үзэхэд хүн төрөлхтөний өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа ухамсарладаг хүн бүрт АЦС байгуулж ажиллуулах явдал бол гэмт хэрэг гэдэг нь тодорхой юм.

Герман улсад гэхэд л хамгийн аюултай цөмийн хаягдал болох АЦС-ын ашиглаж дууссан савханцар жилд 400 тонноор нэмэгдсээр байна. 1967 онд Атлантикийн далайд 100 ширхэг цөмийн хаягдалтай торх  хаясан. 2007 он хүртэлх хугацаанд 12500 тонн асар аюултай зэрэглэлийн цөмийн хаягдал, 120 000 кубметр дунд зэргийн болон бага түвшний хор хөнөөлтэйд тооцогдох цацраг идэвхит хаягдал хуримтлагдсан байна.

Түүн дээр дахин боловсруулах туршилтын байгууламжаас гарсан 80 000 литр цацраг идэвхит “атомын шөл” гэж нэрлэдэг шингэн хаягдал Карлсрухэ-д хадгалагдаж байна. Энэхүү 504 кг уран, 16,5 кг плутони агуулсан туршилтын цацраг идэвхт “шөл” нь 3 метр зузаан бетон хананы цаана хадгалагддаг бөгөөд тэсэрч дэлбэрэхээс сэргийлж байнга хөргөөх ёстой. Тус агуулахын төсөв санхүүжилт анх зарцуулахаар төлөвлөсөн төсвөөс хавьгүй давсан бөгөөд цаашид ч мөнгө сорсоор байх ажээ. Сүүлийн 19 жилийн турш цөмийн хаягдлыг хөргөж, агуулж буй энэхүү байгууламжийг устгаж цэвэрлэхэд 2,6 тэрбум евро шаардагдах тооцоотой гарчээ.

Цөмийн хаягдал, цацрагийн золиоснууд

2005 оны 6 сард гарсан Герман улсын Атомын хуулиар хэрэглэсэн цөмийн түлшний савханцаруудыг дахин боловсруулахаар гадаадад гаргахыг хориглосон. Улмаар ашигласан савханцаруудыг Германы нутаг дэвсгэр дээр байрлах 16 түр зуурын цөмийн агуулахад хадгалж байна. Тэдний 12 нь сүүлийн хэдэн жилд АЦС-уудын дэргэд шинээр баригдсан. Цөмийн түлшний хаягдлыг одоо хадгалж байгаа бетонон саванд дээд тал нь 40 жил хадгалж болдог. Түр зуурын агуулах нь удаан хугацааны буюу мөнхөд хадгалах байгууламжаас ялгаатай нь гэвэл цөмийн хаягдлыг  газар доор биш харин газрын гадаргуу дээр, энгийн агуулах байранд хадгалдаг.  Бас ямар нэг террорист халдлагаас хамгаалалтгүй байдаг.

1300 Мегаваттын хүчин чадалтай АЦС жилдээ 30 тонн цөмийн хаягдал гаргадаг. 35 жил ажиллахад 1000 тонн хаягдал ялгарна.Өнөөдөр манай гариг дээр 440 АЦС ажиллаж байна. Нэг станц дунджаар 25 жил ажилладаг гэвэл ганцхан станц л 20 000 тонн асар хортой цөмийн хаягдал, түүнээс ч илүү хэмжээтэй дунд зэргийн ба бага түвшний аюултай гэгдэх цөмийн хаягдал бий болгодог аж.

Цөмийн хаягдлыг олон сая жилийн туршид биосфер, хүн, амьтан, ургамалаас тусгаарлан хадгалах ёстой. Гэвч бодит байдалд үнэндээ ингэх ямар ч боломж байхгүй. Газар дор булсан ч эрт орой хэзээ нэг цагт цагт гүний ус руу нэвчих нь тодорхой.

Өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн түвшинд авч үзвэл цөмийн хаягдлын мөнхөд булшлах  агуулах барих боломжгүй гэж 2000 онд Германы засгийн газрын харьяа байгаль орчны мэргэжилтнүүд дүгнэжээ. Тэд тайландаа 10 000 болон түүнээс олон жилийн хугацаанд хүн төрөлхтөнд бодитоор заналхийлэх аюул эрсдлийг тооцоолох боломжгүй тул цацраг идэвхит түлшний онцлог шинж чанар, мөн цөмийн хаягдлын асуудлыг шийдэж чадахгүй байгаатай холбогдуулан цөмийн эрчим хүчийг цаашид ашиглах боломжгүй юм гэж дурджээ.

Өнөөдөр манай гариг дээр цөмийн хаягдлыг мөнхөд агуулах байгууламж байхгүй. 2003 оны 11 сард Италийн ерөнхий сайд Берлускони Итали улсад цөмийн хаягдал хадгалах байгууламж барих шийдвэр гаргасан. 1987 онд буюу Чернобылийн ослын дараахан Италичууд бүх ард түмний санал асуулга явуулж, цөмийн эрчим хүчнээс татгалзсан. Тэд ажиллаж байсан гурван АЦС-аа шууд зогсоож, нэг станцаа байгалийн хий – газрын тосоор ажилладаг болгож өөрчилсөн. Берлускони бүх Европын цөмийн хаягдлыг булах агуулах барихыг санаархсан ч нийт Италичуудын маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар сарын дараа ажлаасаа огцорч байжээ.

Швейцарт Рейн мөрний сав нутагт Бенкэн гэх газарт,  Францын Лотрингений Бурэ гэдэг газар доор шавран чулуулагт цөмийн хаягдлын агуулах барих боломжийг судлах шинжилгээ хийж байгаа ажээ. Гэвч 2009 онд Зурихийн техникийн дээд сургуулийн шинжээчдийн дүгнэлтээр Бенкен, Бурэ -гийн аль алинд нь цөмийн хаягдал хадгалах байгууламж барих боломжгүй гэж гарчээ.

Америкийн ерөнхийлөгч асан Ж.Буш Невада мужийн Якка уулын боржин чулуулагт цөмийн хаягдлыг эцэслэн булшлах агуулах барихаар санаархаж байсан ч 2009 оны 3 сарын 9-нд одоогийн ерөнхийлөгч Обама зогсоосон байна. Швед улсад ч мөн ижил боржин чулуулагт цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн оролдлого нь  бүтэлгүйтжээ.

Манай гариг дээр хуримтлагдсан цөмийн хаягдал цаашид хэрхэхээ хүлээн түр хадгалах агуулахуудад хадгалагдсаар байна. АЦС-ууд бий болоод дөнгөж 50 жил болж байна. Цаашид хэр их хэмжээний хог хаягдал бий болгохыг хэн ч мэдэхгүй.

 

 

Орчуулсан Мигаа Могод
Эх сурвалж : http://www.netzwerk-regenbogen.de/akwi12050102.html
.

Сэтгэгдлүүд

Lensky

Хэрэв цөмийн шаарын булшлахтай холбоотой зардлыг 1Кв эрчим хүчний үнэд оруулж тооцвол атомын цахилгаан станцаас гарч буй эрчим хүчний үнэ тэнгэрт тулсан өндөр гарна.
Шинэ эрин үе хэн илүү натурал хүнс эргүүл орчинд амьдарч хэн илүү амралт чөлөө завтай байгаагаар хөгжлийн чиг хандлагыг харуулах болжээ. Гэтэл хүн төрөлхтөн өмнө нь тулгарч буй бодит бэрхшээлд шийдвэрлэх боломжгүй байхад олон улс орон энэ салбараас татгалзаж байхад бид эхлүүлж байх ч гэж. Үгүй ядаж хамрын харшил төдий сөрөг нөлөөтэй байсан бол нэг хэрэг гэтэл цацраг туяа хүний удмын сан ДНК-ийн бүтцийг эвдэж хорт хавдар элдэв эмгэгт хүргэж үндэстнийг мөхөөх аюулаар заналхийлж байхад...

lensky

энгийн талибуун ухаанаар бодоод үзэцгээе
Хүн төрөлхтөн үүсээд соёл иргэншлийг бүтээж манай эриний тооллыг эхлүүлснээс хойш хоёр мянган жил болж байна. (2011 жил)
цөмийн шаар нь хоёр зуу мянган жилийн дараа задрах цацраг идэвхт хог хаягдлыг бий болгож байна.
Техник технологийн хөгжлөөр өнөөгийн соёлыг Япон болон АНУ тэргүүлж буй.
Гэтэл энэ хоёр улс цөмийн санаачилга гэдэг нэрээр манайд дэлхийд анх удаа цөмийн шаар булшлах эцсийн зогсоол барьж өгөх гэж байна. Өөрсдөө шийдэж чадахгүй болоод зайлуулж байна.
Япончууд атомын станцыг жорлонгүй орон сууцтай зүйрлэн ярьж байна.
судалгаагаар нүүрснээс гарган авч буй цахилгаан ба дулааны үнэс атомын цахилгаан станцын нэг кВ цахилгааны үнэ 26 төгрөгөөр л хямд байгаа нь хэд дахин хямд ба байгальд ээлтэй гэж олон нийтэд танилцуулж байгаагаасаа амьдрал дээр хол зөрүүтэй байгаа юм даа

dvd
Setgegdel

ene minii bodol:
minii huvid haygdlaas ah bish harin manai oron tsomiin tsahnlgan stants heregtei baigaa gej bodoj baina ...
hyamd erchim huch ni bidnii hogjliin garts baih gej bodol toroj yum...




:-)
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски