Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.
Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.
Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ГХ-ийн сайд Г. Занданшатар Японы тэргүүлэх зэргийн “Майничи” сонинг “гудамжны шар хэвлэл” хэмээн гүтгэж байсан тухай, Цөмийн Энергийн Газрын (ЦЭГ) дарга С. Энхбат “тийм яриа хэлэлцээр хийсэн нь үнэн, гарч ирээд дэлгэрэнгүй ярина” гэж хэлснийхээ дараа Засгийн Газрын хуралдаанаас шууд эмнэлэгт хүргэгдсэн явдал, 2011 оны 1 сард Арабын орнуудаас аялж, Арабын Эмиратад цөмийн түлш нийлүүлж, хаягдлыг нь буцаан авах санал тавьсан С. Батболд 1 сарын 21-нд УИХ-ын нэгдсэн чуулганд хандаж “цөмийн хаягдал булшлах байгууламж байгуулахаар ажиллах болно” гэж зарласан талаар, мөн ямар учраас цөмийн энерги ашигладаг орнуудтай Монгол улс стратеги түншлэлийн гэрээ байгуулах болсон, Ц. Элбэгдоржийн Б. Обаматай уулзахдаа хэлэлцсэн “Монголын Цөмийн Санаачлага” гэгч төсөл юу болох, ашигласан цөмийн түлшний хаягдлыг эргүүлж авдаг нь олон улсын туршлага мөн эсэх, түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр цөмийн хаягдлын асуудлаар гэрээ хэлэлцээр хийхийг хориглосныг (зөвшөөрөлтэй бол болох нь), НҮБ-д суугаа элчин О. Энхцэцэг НҮБ-ын хуралдаан дээр “Монгол улс ГАДНЫ гаралтай цөмийн хаягдал авахгүй” (ДОТООДЫН гаралтай ураны түлшний хаягдлыг хуу хамах yy?) гэж онцолж хэлснийг эргэцүүлэн ухаж бодохыг хүн бүрээс хүсье. (Эдгээр баримтуудын нотолгоог “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ??” цувралд дэлгэсэн).
Цувралыг татаж авч унших:
Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ №1
Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ №2
Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ № 3
Биднийг тайвширч суух завсар цөмийн салбарын “акулууд” ажлаа шуурхай хэрэгжүүлсээр. Монгол улсад 2012 оноос эхлэн Францын Арева корпораци уран олборлож, газар доор хүчлээр уусгах аргаар шар нунтаг гаргаж авч байна. Энэ арга нь байгаль орчинд ээлтэй, ураны цацраг идэвхт тоосонцор агаарт хийсдэггүй гэж тайлбарладаг ч үнэндээ асар их ус ашигладаг, мөн хортой хүчил, цацраг идэвхт уран гүний усанд нэвчих аюултайг хэн анхаарч байна вэ?
Өнгөрсөн хэдэн жилийн туршид газрын ховор металл (ГХМ) гэгч асар ховор, бас асар үнэтэй эрдэнэсээ гадныханд өгөхөөр ерөнхийлөгч, ерөнхий сайдгүй гадуур дотуур гүйж, чармайсны дүнд ГХМ-аасаа нэлээдгүй салж, хөнгөрч байгаа сурагтай. Харин ГХМ олборлоход гарсан хаягдалд торий гэх мэтчилэн цацраг идэвхт бодис агуулагддаг төдийгүй орчин тойрон, уул усыг асар ихээр бохирдуулж, эрүүл мэндэд ноцтой хор учруулдаг гэдгийг хэн мэдэх вэ?
Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) Японоос орж ирсэн цацрагтай машинуудыг савандаж угаах (гайхалтай! бусад орнууд цацрагжсан машин техникээ шууд хаядаг юм билээ) зyypаа АЦС барих ажлаа яаравчлуулж байна. Харин атомын станцаас гарах асар их хорт хаягдлыг, хамгийн их хөнөөлтэй ашигласан цөмийн түлшийг хэний нутагт, хэний хашаанд булж, хэн харж хамгаалах вэ гэдэг асуултын хариу таг.
Ямартаа ч хэдхэн цагийн өмнө Засгийн газрын шийдвэрээр С. Энхбатыг ЦЭГ-ын даргын ажлаас чөлөөлжээ.
Ингээд та бүхэнд 2010 оны 12 сарын 2-ны Нью Йорк Таймс сонинд нийтлэгдсэн Хелен Калдикотын нийтлэлийг орчуулж хүргэе. Тэрбээр хүүхдийн эмч , “Эмч нар нийгмийн хариуцлагын төлөө” байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн аж. Австралиас гаралтай энэ эмэгтэй олон нийтэд цөмийн эсрэг боловсрол олгох үйлсэд амьдралаа зориулахаар сэтгэл шулуудан, Харвардын Анагаахын сургууль дахь ажлаа 1980 онд орхижээ.
Фукушимагийн дараа : Тэвчээр барагдлаа
Сүүлийн 10 жилийн цөмийн салбарынхан ухуулан сурталчилж, лоббидсоны үр дүнд цөмийн эрчим хүч нь чулуун нүүрс, нефть зэргийн органик түлшийг орлох чадвартай, цэвэр, байгальд ээлтэй, бас дулаан ялгаруулдаггүй хувилбар мөн гэдэгт олон хүн итгэх болж, цөмийн үйлдвэрлэл дахин сэргэлтийн үе эхэлсэн билээ. Гэвч энэхүү итгэл үнэмшил нь хүн ардын эрүүл мэндэд асар ноцтой аюул заналхийлэл учруулаад зогсохгүй, дэлхийн улс орнуудын эдийн засаг, татвар төлөгч иргэдэд хүнд дарамт үзүүлж байна. Цөмийн эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх сурвалж хэмээх болсноор манай гаригийн эрчим хүчний ирээдүй болсон, цөмийн эрчим хүчнээс хавьгүй хямд, хор хөнөөл багатай, бас дулаан бараг ялгаруулдаггүй альтернатив технологийг үй олноор нь хөгжүүлэх явцыг боомилжээ.
Харин өнгөрсөн 3-р дугаар сард гэмгүй иргэдийн гэрийн хажууд байрлах Фукушима Даичигийн реакторууд хайлcнaap цөмийн эрчим хүч гэгчээс учирч болзошгүй хор хөнөөл нь түүний ашиг тустай харьцуулашгүй их юм гэдэг нүцгэн үнэн дэлхий нийтэд тодорхой боллоо гэж бодогдсон. Хуучны нэг хошигнолд гардагчлан “Цөмийн эрчим хүч гэж ус буцалгах хамгийн ёрын арга“ ажээ.
Гэтэл цөмийн эрчим хүчний салбарынхан хүмүүсийн гай зовлонг далимдуулан лоббидох хүчин чармайлтаа улам өргөжүүлж байна. Эмгэнэлт явдлаас хойш хэдхэн улс орон цөмийн эрчим хүчнээс үе шаттайгаар татгалзахаа зарласан. Дийлэнх орнууд сонгосон замаараа эргэж буцалтгүй замнахаар шийдсэн. Харин Фукушимагийн гамшиг болон цөмийн эрчим хүчний ашиглалтаас үүдэн манай гаригийн хэдэн сая гэмгүй иргэдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байгааг бид анзаарч мэдээгүй хэвээр.
Одоогоос 25 жилийн өмнө Чернобылийн АЦС дэлбэрч, цацраг идэвхт хор агаар мандалд цацагдахад дэлхий нийт анх удаагаа цөмийн осол аюулын тухай сэрэмжлүүлэг авсан. Тэнгэрт цацагдсан цацрагт бодис хорт бороо болон газарт бууж, дэлхийн бөмбөрцгийн хойт хэсэгт аюултай бүсүүд үүссэн. Нью Йорк хотын ШУА-aас эмхэтгэж, хэвлүүлсэн Зүүн Европын судлаачдын судалгаанаас үзвэл Европын газар нутгийн 40 орчим хувь нь цезий-137 зэрэг цацраг идэвхт бодист хордсон ба эдгээр бодисууд нь хүний хүнсийг хэдэн зуугаас хэдэн мянган жил хордуулсаар байх болно гэжээ. Ослын улмаас Туркээс Хятад хүртэл Ази тивийн өргөн уудам хэсгүүд, Хойт Африк, Хойт Америкийн газар нутгууд мөн бохирдсон. Өнөөдөр ч тус нутгуудад оршин суугч 200 сая хүн аюултай орчинд амьдарч байна.
Судалгаанд Чернобылийн гамшгаас үүдэлтэй учир шалтгааны улмаас 1 сая хүн нас нөгчсөн гэж дүгнэжээ. Хохирогчид хорт хавдар, төрөлхийн гажиг, дархлалын хомсдол, халдвар, зүрх судасны өвчин, дотуур шүүрлийн булчирхайны гаж хөгжил, болон цацрагийн үр дагаврын улмаас нэмэгдсэн нялхсын эндэгдлээp нас баржээ. Беларуст хийсэн судалгаанд Чернобылийн ослоос өмнө нийт хүүхдийн 90 хувь нь үзлэгээр эрүүл гарч байсан бол гамшгаас хойш 14 жилийн дараа буюу 2000 онд хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь эрүүл байгааг бичжээ. Өнөөдөр Фукушимагийн ослыг Чернобылийн дараа орох хамгийн аймшигт цөмийн гамшиг гэж нэрлэж байна. Харин урт хугацаанд илрэх үр дагавар нь xapaaxaн илэрч амжаагүй байна. Хүн амын эрүүл мэндэд үзүүлэх Фукушимагийн ослын хор уршиг нь Чернобылийнхтэй дүйцэхүйц эсвэл түүнээс ч давж гарахыг үгүйсгэхгүй. Фукушима одоо ч аюултай хэвээр, АЦС-уудын байдал түгшүүртэй, агаар, усанд цацраг идэвхит бодис цацагдан нэвчсээр байгаа.
Иргэдийн бүлэглэлүүд, олон улсын байгууллагуудаас АНУ-ын засгийн газартай хамтран явуулсан саяхны мониторингийн явцад Токиод болон бусад нутгуудад цацраг идэвхжил өндөртэй аюултай газруудыг олж илрүүлжээ. Гэтэл Японы засгийн газар осолдсон АЦС-ын ойролцоох нутгийнханд шилжин суурьших зөвлөмж өгч байснаа цацрагийн түвшин аюултай хэвээр байгааг үл харгалзан өнгөрсөн 9-р сарын сүүлчээр зогсоожээ. Засгийн газрын тооцоогоор цацрагийн бохирдлыг цэвэрлэхэд наанадаж 13 тэрбум ам. доллар зарцуулах аж.
Цацрагт маш ихээр бохирдсон зарим нутгуудад, нэн ялангуяа Фукушимагаас баруун хойт зүгт олон мянган хүн амьдарсаар байна. Цацраг идэвхт элементүүд Японы хойт хэсэгт хуримтлагдаж, Токиогийн крантны усанд илэрсэн төдийгүй цай, үхрийн мах, цагаан будаа, бусад хүнсэнд өндөр тунгаар хуримтлагджээ. Ослоос хойш цацраг идэвхийн нөлөөний талаар цөөн тооны судалгаа хийгдсэн. Тэдний нэг нь болох Фукушима хотын хүүхдүүдийн бамбай булчирхайны судалгаанд 1000 гаруй хүүхэд хамрагдсаны 50-иас дээш хувь нь йод-131 гэгч бодист хордсон нь тогтоогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүд ирээдүйд бамбай булчирхайны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй ажээ.
Цацраг туяаны хорт хавдар үүсгэгчийн нөлөөнд хүүхэд, ялангуяа ураг онцгой мэдрэмтгий байдаг. Чернобылийн ижлээр, Фукушимагийн осол бол дэлхий нийтийг хамарсан гамшиг мөн. Канадын Бритиш Коламбия, АНУ-ын баруун, зүүн эргийн дагуу, түүнчлэн Европ тивд цацрагийн хэмжээ нэмэгдсэн бол далайн уснаас ч өндөр түвшний цацрагийн бохирдол илэрчээ.
Олон Улсын Атомын Энергийн Газрын ашигладаг хэмжүүрээр Фукушимагийн ослыг “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд өргөн хүрээний үр нөлөө үзүүлэхүйц ” 7-р зэрэглэлийн осол хэмээн ангилсан. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд урьд нь ганцхан удаа тохиолдож байсан 7-р зэрэглэлийн осол болох Чернобылийн гамшигтай хэмжээ далайц ижил гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр тус байгууллагын мөрддөг журмaнд 7-оос дээш зэрэглэл байдаггүй аж.
Ослын дараа лоббидогч бүлэглэлүүд цөмийн байгууламжийн аюулгүй байдал өмнөхөөсөө сайжирсан хэмээн шагшин магтах болсон. Фукушима Даичигийн реакторуудыг хариуцдаг Токио Электрик Пауэр Компани (ТЕПКО) Япон улсын засгийн газрын хамтаар зурагт радиогийн компаниуд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан цөмийн ослын тухай сөрөг мэдээллийг олон нийтэд дэлгэх явдлыг хязгаарлаж байсан.
Английн Гвардиан сонинд бичсэнээс үзэхэд цунами болсны дараах өдрүүдэд Арева, ИДФ Энержи (EDF Energy) болон Венстингхауз (Тошиба компаний охин компани–Орч.) зэрэг цөмийн эрчим хүчний салбарт ашиг сонирхол бүхий компаниуд ослын тухай таагүй мэдээ шинээр АЦС барих төлөвлөгөөнд нь нөлөөлөхөөс сэрэмжилсэндээ ослын цар хүрээг аль болох дарж мэдээлэх тал дээр Японы засгийн газартай хуйвалджээ.
Цөмийн эрчим хүч бол зэвсэг үйлдвэрлэгчдийн гар дахь “нууц хөзөр” байсаар ирсэн, үнэндээ дээрх хоёр салбарын амжилтын үндэс нь олон нийтийн ятган ухуулах ажиллагааных нь үр дүн мөн. “Цөмийн эрчим хүч” гэдэг ойлголтыг 1950-иад оны эхээр шинээр нэвтрүүлсэн ба тухайн үедээ АНУ цөмийн зэвсэг үйлдвэрлэж буйгаа зөвтгөх, олон нийтийг дасган зүгшрүүлэх гэсэн оролдлого байжээ. Тэр үед Батлан Хамгаалан Департаментийн Сэтгэл зүйн стратегийн зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байсан Стефан Поссони гэгч “хэрэв атомын эрчим хүчийг бүтээлч зорилгоор ашиглаж эхэлвэл [хүмүүс] атомын бөмбөгийг илүү нааштай хүлээн авна” гэж тайлбарлаж байжээ. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Двайт Эйзенхауэр 1950-иад оны эхээс “Энхийн атом” гэдэг хэллэгийг нийтэд дэлгэрүүлэн гаршуулжээ.
Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, цөмийн зэвсэг үйлдвэрлэх нь нэг ижил технологи. 1000 мегаваттын хүчин чадалтай цөмийн реактор жилд 600 паунд (300 кг орчим) плутони ялгаруулдаг. Атомын бөмбөг хийхэд түүний өчүүхэн хэсэг нь хангалттай бa плутони нь 250 мянган жилдээ цацраг идэвхээ хадгалдаг. Тиймээс АЦС-тай улс бүр хязгааргүй хүчин чадалтай цөмийн зэвсгийн үйлдвэр эзэмшиж буйгаас өөрцгүй. Цөмийн эрчим хүчний салбарынхан цөмийн технологи буюу атомын бөмбөг үйлдвэрлэх технологийг хэдэн арван цөмийн зэвсэггүй улс орнуудад наймаалж буй нь урьд хожид үзэгдээгүй явдал юм.
Аймшигт гамшиг, сүйрэл, асар их санхүүгийн гарз хохирол, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тэмцэл, цөмийн хаягдлаас үүдсэн хорт хавдарын тархалт, ирээдүй хойч үеийнхэнд заналхийлэх төрөлхийн гажиг хөгжил–энэ бүгдийг бид харсаар, мэдсээр байтал чухам ямар учраас өнөөдрийг хүртэл цөмийн эрчим хүч ашиглах тухай асуудал тавигдсаар байна вэ? Товчхондоо бол “цөмийн эрчим хүч аюулгүй, цэвэр, байгальд ээлтэй” гэсэн цөмийн салбарынхны амны уншлаганд цөөнгүй эрх баригчид, албаны хүмүүс итгэдэгт учир нь оршдог. Мөн олон нийт ч энэ асуудлаар мэдлэг боловсрол дутмаг байдаг.
Гэвч өөрчлөлтийн зарим нэг шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байна. Герман улс цөмийн эрчим хүчнээс 2022 он гэхэд татгалзахаа зарласан. Итали, Швейцарь улсууд ч татгалзахаар шийдсэн, Японд цөмийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч эхэлж байна. Хятад улс цөмийн эрчим хүчний асуудалд хянамгай хандаж байгаа. Гэсэн ч АНУ, Их Британи, ОХУ, Канад улсад цөмийн эрчим хүчний төлөөx улангасал үргэлжилсээр. Цөмийн салбарынхан шинээр бүтээсэн модулар болон “дэвшилтэт” реакторуудаа сурталчилж, уламжлалт реакторуудаас хавьгүй боловсронгуй хувилбар хэмээн баталсаар. Үнэндээ шинэ реакторууд нь уламжлалт технологитой яг л ижилхэн осол аваар, террорист халдлага, хүнээс шалтгаалах алдаа гэсэн аюул эрсдэлд эмзэг. Цөмийн бөмбөгөнд ашигладаг задрамхай бодис ялгаруулж, цөмийн хаягдал өвлүүлж үлдэээдэг нь ч өөрчлөгдсөнгүй.
Байгаль дэлхийд жинхэнээсээ ээлтэй, цэвэр, дулааралд нөлөөлдөггүй эрчим хүч үйлдвэрлэх шийдлүүд зөндөө. Тэд бол нар, салхи, газар доорхи дулаан (геотермал дулаан), усан цахилгаан станц, замагны биомасс зэрэг сэргээгдэх эх сурвалжийг эрчим хүч гамнахтай хослуулax аргууд. Эрчим хүчний компьютержсэн ухаалаг сүлжээ байгуулвал эрчим хүч хэрэглэгч болон үйлдвэрлэгч хэрэгслүүдийг нэгдсэн сүлжээнд нэгтгэж, гэр ахуйн хэрэгслүүдийг уян хатан ажиллах боломжoop xaнгaнa. Зохих технологийг ашиглан эрчим хүч хадгалах замаар цахилгааны доголдлын асуудлыг ч шийдчих боломжтой.
Цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн системээр соливол сая сая ажлын байр шинээр бий болно. АНУ-д гэхэд ийм төсөл хэрэгжүүлэхдээ ирэх арван жилд цөмийн зэвсгийн хөтөлбөрүүдэд хуваарилсан 180 тэрбум ам. доллараар санхүүжүүлж болно. Манай гариг дээр оршиж буй 20 мянга 500 ширхэг цөмийн бөмбөгний 95 хувийг эзэмшдэг ОХУ болон АНУ цөмийн зэвсгээ устгавал шинээр зэвсэг үйлдвэрлэх хэрэг үгүй болно.
Цөмийн төлөө ухуулагчид шүүмжлэгчдээ технологиос айдаг, технологи ойлгодоггүй бүдүүлэг Луддитууд хэмээж (19 зуунд Англид машин механизм ашиглаж эхэлснээр чадварлаг ажилчид ажлаасаа шахагдах болсныг эсэргүүцсэн сүлжмэлийн үйлдвэрийн ажилчдын хөдөлгөөн– Орч.), цөмийн эрчим хүчний хор хөнөөлийг хэт дэгсдүүлэгч солиотнууд мэтээр дүрсэлдэг.
Тэгвэл тамхидалт нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулдгийг тогтоосон эмч нар луу тамхи үйлдвэрлэгчид олон арван жилийн туршид тасралтгүй дайрч давшилсаар ирсэн түүхийг та санаж байгаа буй заа.
Чин үнэндээ тамхи бол зөвхөн тамхичны л аминд хүрнэ. Харин цөмийн эрчим хүч ашигласнаар бид ирээдүй хойч үеийнхэндээ өвчин эмгэг, үхэл хагацлын голомтыг өвлүүлж буй хэрэг билээ.
Тамхины хор уршгийг сайтар мэдэхээс өмнө нас нөгчсөн сая сая хүний амь насыг цөмийн эрчим хүчийг цаашид ашигласнаар хүн төрөлхтний амсаж болзошгүй сүйрэлтэй харьцуулахад дэндүү өчүүхэн аж.
Онцгой чухал энэ цаг үед төр засгийн эрх баригчид болон бусад хүмүүсийг цөмийн эрчим хүчгүй ирээдүйн зүгт чиглэсэн алхам хийхийг ятган ухуулцгаая. Мэдлэг мэдээлэлд суурилсан ардчилсан нийгэм хариуцлагатай ажилладаг гэдгийг батлан үзүүлье.
Орчуулсан Амарлин
Цөмийн хаягдал цувралыг татаж авах:
цөмийн хог хаягдал цуврал № 1
цөмийн хог хаягдал цуврал № 2
цөмийн хог хаягдал цуврал № 3