Атомын цахилгаан станцын үнэн, худал 

Атомын цахилгаан станцын үнэн, худал 

 Японы эрдэмтэн  Коидэ Хироакийн номоос…

АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхт хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга байхгүй. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гарах тул цацраг идэвхт бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.

Өнөө үед цацраг идэвхт хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.

Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

 
Хамгийн том асуудал нь АЦС-ын хуучирсан реактор юм. АЦС нь бурхан биш хүний л хийсэн “машин төхөөрөмж” тул хэдэн арван жил ажилласны дараа хуучирч элэгдэн ажиллагаагүй болох нь мэдээж. Тэр үед АЦС нь өөрөө хамгийн том “аюултай хог” болон хувирах ба түүнийг ирээдүйд олон жилийн турш яаж хянаж зохицуулах вэ, яваандаа ямар асуудал гарах вэ гэдгийг үнэн хэрэгтээ хэн ч хариулж мэдэхгүй юм. Гэхдээ АЦС-ын хувьд “мэдэхгүй - мянган үгийн таглаа" гээд орхичихож болохгүй. Яахаа мэдэхгүй ч гэлээ Фүкүшимагийн 1-р АЦС-ыг зогсооход хэд хэдэн хаягдал реактор гарч таарна. Бүх дэлхийн туршлага, мэдлэг ухааныг нэгтгэн байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ч яг яах вэ гэдэг тухай тодорхой хариулт одоо болтол олдоогүй байна.

Юуны түрүүнд ойлгоход арай хялбар асуудлыг авч үзье. Тэр нь АЦС-аас өдөр бүр маш их хэмжээгээр гарч буй “бага төвшний цацраг идэвхт хаягдлын” асуудал юм. Энэ нь цацрагийн хордолт харьцангуй багатай хаягдал бөгөөд цацраг идэвхт элемент болон бодис наалдсан алчуур, ажилтны хувцас зэргээс бүрдэнэ. Одоо Японд 1 жил АЦС ажиллуулахад 1000 төмөр торх “бага төвшний цацраг идэвхт хаягдал” гарч байна. 1963 онд анхны АЦС ашиглалтад орсноос хойш хорь хүрэхгүй жилийн хугацаанд буюу 1980 оны байдлаар япон дахь ийм төмөр торхны тоо 250.000 хүрсэн байв. АЦС бүр доороо ийм хаягдал хадгалах агуулахтай бөгөөд “бага төвшний цацраг идэвхт хаягдлыг” тэнд хадгалдаг. АЦС-ын доорх энэ агуулахууд хэдий хэмжээний хаягдал багтаах вэ гэвэл, 1980 оны байдлаар нийт багтаамж нь 300.000 торх орчим байв.

Хаягдалтай торхнууд өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэх тул эрчим хүчний компаниуд нэмэгдэхийн хэрээр хаягдал хадгалах агуулах барьсаар ирсэн. Гэвч хэчнээн олныг барилаа ч АЦС-ыг зогсоохоос нааш ийм хаягдал гарсаар байх тул эрчим хүчний компаниуд ацан шалаанд орсон юм. Тиймээс хэмжээг нь багасгахын тулд хаягдлыг шатаахаар шийдсэн болно. Өөрөөр хэлбэл төмөр торхонд лацдаж хийсэн цацраг идэвхт хаягдлаа тагийг нь онгойлгож гаргаад үнс болгон шатаагаад хэмжээг нь багасгасан юм.
Ингэж шатааснаар хуримтлагдаад байсан хэдэн зуун мянган төмөр торхны тоог багасгаж чадсан хэдий ч жилээс жилд торхны тоо нэмэгдсээр 2005 оны гэхэд 700.000 хүрсэн байв. Тиймээс “хүчрэхгүй нь” гээд тэр их хаягдлаа эрчим хүчний компаниуд Аомори мужийн Роккашо тосгонд хүлээн авахыг тулгасан болно. Одоогийн байдлаар 200.000 хаягдалтай төмөр торхыг Роккашо тосгон уруу шилжүүлээд байгаа.

Роккашё тосгонд тэр их хаягдлыг газарт булахдаа нүх ухаад бетон цементэн агууламж барьсан. Агууламжид төмөр торхыг өрөөд дүүрэхээр нь дээрээс нь бетоноор таглаж эргэн тойрныг нь бетон шавраар чигжээд сүүлд нь шороогоор булсан. Ийм маягаар бетон агууламжийн тоог олшруулсаар ирсэн билээ.

Гэвч хаягдал хийсэн торх нь төмрөөр хийгдсэн тул нэг юм уу хоёр жил болоход зэвэрч муудна. Хаягдлын агууламж газар доор, ихээхэн чийгтэй орчинд баригдсан тул төмөр торх зэвэрч муудаж нүх гарах нь хялбар. Тэр чигээр нь орхивол цацраг идэвхт бодис гадагшлах аюултай учраас агууламжийн хажуу талд “шалгах хоолой” хийж байнга шалгаж байдаг юм. Хэдэн жил тэр хоолойг шалгаж хянах вэ гэсэн асуултын хариулт бол: “300 жил”. 300 жилийн турш байнга шалгаж цацраг идэвхт бодис ил гарсан тохиолдолд арга хэмжээ авах ба яваандаа цацрагийн хэмжээ багасаж “учир нь нэг олдоно байлгүй” гэдэг бол өнөөгийн Японы Засгийн газрын тайлбар юм.

 






Сэтгэгдлүүд


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

оруулах
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски

idiomatic-dormant
idiomatic-dormant