Ураны уурхайн уршиг

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 

Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]

 

Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :

 

            Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос

Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлуудын нэг нь радон хий. Нүдэнд үл үзэгдэх, үнэргүй энэ ховор хий нь хүдэр олборлох ба баяжуулах үед боловсруулах төхөөрөмж, ухсан шороо, шингэн хаягдал хадгалах савнаас тархдаг.

Радон хий нь хэдэн арван километр хол салхинд тээгдэх боломжтой. Харьцангуй хурдан (физик үе нь 3,8 өдөр) задарч цацраг идэвхт хүнд металлууд үүсгэдэг. Түүнээс гадна эдгээр металлыг залгивал илүү их цацраг хортой. Гэтэл эдгээр металл нь ураны уурхайн агааржуулагч нүхний ойролцоох газар, ургамалд тогтож залгих замаар хордуулдаг. Альфа туяа цацруулагч эдгээр цацраг идэвхт атомуудыг амьсгалах юм уу залгиснаар уушгины хавдар тусах эрсдэлтэй.[2]

Зөвхөн нөөцийг тандах зорилгоор өрөмдлөг хийх нь хүртэл байгалийг бохирдуулж байгаа хэрэг юм. Ураны ордод хүрэхүйц гүн нүхэлсэн цооногоос газар дээр гаргаж ирсэн шороо болон аливаа төрлийн дээж нь цацраг идэвхтэй байж болно. Өрөмдлөгийн цооног нь цацраг идэвхт хүдрийн биетээс тусгаарлагдсан байсан гүний усны нөөцийг цацрагтай холилдох боломжтой болгож тэрхүү усны нөөцийг цацрагт хордуулах аюултай. Түүнээс гадна цооногийг бөглөлгүй орхивол гүн дэх уран задарснаар радон хий агаарт чөлөөтэй тархах нөхцөл бүрдүүлнэ.[3]

 

Жишээлбэл : Нигер улсын хойд хэсэгт 130-180 метр гүнд Имурарен хэмээх шинээр уран олборлох төсөл хайгуул судалгааны шатандаа явж буй. Дээж авах зорилгоор өрөмдсөн цооногийн хажууд овоолсон бөөн шаварт 2007 оны 4 сарын 11нд хоёр франц оюутан эмэгтэйн хийсэн хэмжилтээс үзэхэд гамма цацраг хэвийн хэмжээнээс 5-9 дахин их байв. Дов болгон овоолсон энэ шороо маш их талбайг эзэлж байсан бөгөөд хязгаарлан хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүй байв. Тэгэхлээр тандах зорилгоор хайгуулын өрөмдлөг хийх нь цацраг идэвхт бодис газар дээр үнэхээр ил гаргадаг байна.[4]


 1.    Шингэн хаягдал : өрөмдөх үед шавхаж авсан ус, уурхай дотор урсаж байсан усыг шавхаж авсны дараа болон бусад боловсруулалтад хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй асгадаг.

2.    Хатуу хуурай хаягдал: шингэн хаягдлыг цэвэрлэх явцад гарах шавар болон уусахгүй бодис. Ураныг гаргаж авсны дараа үлдэх шавар нь байгаль дахь ураны цацраг идэвхийн 80%-с илүүг нь агуулдаг. Химийн аргаар ураныг гаргаж авдаг ч бусад цацраг идэвхт хүнд металлыг (ториум 230, радиум 226 гэх мэт) ялгаж авдаггүй. Жишээлбэл : Нигер дэх АРЕВА-гийн салбарууд болох СОМАИР[5], КОМИНАК[6]-ийн үйлдвэрүүдийн гаргасан ийм шаврыг машинаар ачиж “уул” болгон овоолон орхидог. Овоолсон шавраа бүтээдэггүй тул салхинд хийсэхээс гадна газар доорхи усны нөөцөд шингэх эрсдэлтэй. Нарийн элсэн ширхэг хэлбэртэй энэ хаягдал нь маш их цацраг хортой (КОМИНАК-ийн хаягдал 500 000 Бекерел/кг аас дээш идэвхтэй байв). КОМИНАК-ийн ийм хаягдлан уул нь 50 га газар эзэлсэн, 27 метр өндөртэй, 10 сая тонн цацраг идэвхт хаягдал агуулж байна. 2004 оны сүүлийн байдлаар СОМАИР нь 11 га газарт 13,5 сая тонн хаягдал овоолоод байна. Үүнээс гадна бусад хатуу биет хаягдлыг мартаж болохгүй. Тухайлбал, СОМАИР-ийн хувьд газрын гадарга дээр химийн аргаар уран ялгаж авсны дараа үлдэх хаягдал нь 12.1 сая тонн ядуу агуулгатай уран агуулсан хүдэр буюу хуурай хаягдал. Уул уурхайн компаниуд ядаж салхинд хийсгэхээс сэргийлж газар ухан булсан нь үгүй.[7]

3.    Шимгүй шороо : газраас гарган авсан ч маш бага хэмжээний уран агуулсан тул ураныг нь ялган аваагүй чулуулаг. Ийм хэдэн сая тонн үржил шимгүй шороо ураны уурхайд бий болдог. Ийм шороог буруу газар хаях юм уу сайн бүрхэж хязгаарлаагүйн улмаас радон хий болон цацраг идэвхт тоос агаарт хаяж, борооны усанд нэвчсэнээр газрын гадаргын болон гүний усны нөөцийг хордуулдаг.
4.    Ядуу хүдэр : 0.03- 0.8 хувийн уран агуулсан хүдрээс ураныг гаргаж авахгүй байх нь бий. Шимгүй шорооны адил хадгалах асуудал нь бэрхшээлтэй ч шимгүй шорооноос ураны хэмжээгээр их тул илүү аюултай юм.

 Эдгээр хаягдал нь орчин тойрныг цацраг идэвхт өртүүлж, хүн, амьтан, ургамлыг хордуулдаг. Үүнээс гадна зарим хаягдал нь цацраг идэвхээс гадна ураныг ялгаж авснаас бий болох хүхрийн хүчил гэх мэт химийн бодис, хүнд металлууд агуулдгаараа хортой.

 Эцэст нь уурхайг ашигласнаар бусад зорилгоор ашиглах аргагүй талбай, уурхайн ойролцоо амьдрах нутгийн ардын амьдралд сөргөөр нөлөөлөх нийгмийн үр дагаврыг мартаж болохгүй.[8]


 Нигер улсын жишээ


 
           Францын АРЕВА компани 40 жилийн өмнөөс үйлдвэрлэх нийт ураныхаа 40 % - ийг дэлхийн хамгийн ядуу 3 орны нэг болох Нигер улсын хойд хэсгээс олборлодог байна.[9] АРЕВА нь дэлхийн 2 дахь том уран үйлдвэрлэгч. Нигер улс нь уран үйлдвэрлэлтээрээ дэлхийд 4т орох бөгөөд нөөцөөрөө мөн 4т орно.

Нигерийн уран үйлдвэрлэлтийг 1971 онд АРЕВА-гийн салбар болох СОМАИР дараахан нь КОМИНАК компаниуд Японы ОУРД[10], Испаний ЕНУСА[11] гэх мэттэй Нигерийн засгийн газраар дамжуулан хамтран эхлүүлсэн.[12]

Элсэн цөлд орших 840,000 хүн амтай Арлит хотын ойролцоо СОМАИР компанийн ил уурхай, КОМИНАК-ийн ашигладаг далд уурхай байдаг. Франц дахь ураны уурхайнууд хаагдахын хэрээр Арлит дахь уурхай томров. Уул овоо шиг их хаягдлаас үүдэлтэй цацраг идэвхт тоос хотод амьсгалахын аргагүй болгож, усны нөөцийг хордуулж, уурхайн эргэн тойрон хэдэн арван километр дахь ан амьтан, ургамлыг устгасан. Цацраг идэвхт төмрийн хаягдал хаа сайгүй.

2003 онд Франц дахь Цацраг идэвх судлалын бие даасан комисс болох КРИИРАД[13] Нигерийн нэгэн нийгэмлэгийн хүсэлтээр тэнд очиж хэмжилт хийж, дээж авсан. Хил дээр тэдний багаж, аппаратыг хураан авсан ч жирийн Гейгер аппаратаар хэмжилт хийж, Франц дахь лабораторидоо дээж авчран шинжилснээр агаар, ус, хүмүүсийн олж авсан төмрийн хаягдалд цацраг идэвх зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү байгааг илрүүлсэн.[14]

 Ураны хүдрийг боловсруулахад маш их ус хэрэгтэй болдог. Иймээс Нигер дэх ураны уурхай усны нөөц цацрагт хордох, усны нөөц дуусах гэсэн урт хугацааны турш үргэлжлэх уршиг тарьсаар байна.

 АРЕВА компани нь элсэн цөл дэх уурхайд хэрэглэхээр Тарат хэмээх 150 метрийн гүнд орших усны нөөцөөс шахаж авдаг. Гаргаж авсан усны 60% - ийг унданд, 40% - ийг үйлдвэрлэлийн зорилгоор ашигладаг байна. Гэтэл энэ усны нөөц нь геологийн маш эртний үед бий болсон дахин сэргэхгүй ус юм. 1964-2004 оны хооронд 275 сая м3 ус гаргаж аваад байна. Түүгээр зогсохгүй олборлолтын явцад их бага цацраг идэвхт хэдэн сая тонн (2004 онд гэхэд СОМАИР компани 10.6 сая тонн) уулын чулуулгийг хөндөж, ашигт малтмал дахь цацраг идэвхт металлыг илүү хөдөлгөөнтэй болгосноор энэ усны нөөц цацраг идэвхт хүнд металл болон химийн хорт бодисуудад хордох эрсдэл нь ихэссэн.[15]

 150 метрээс арай дээр оршиж, гол, худгийг усаар хангаж байдаг нутгийн гүний усны 2 гол нөөцийн нэгний нь хэмжээ 70% орчмоор багасаад байгаа нь санаа зовохгүй байхын аргагүй асуудал билээ. Усны нөөц нь дахин нөхөн сэргээгдэж чадахгүй гэдэг нь тодорхой тул энэ нутагт амьдрал үгүй болно гэсэн үг.[16] Мод ургахдаа дээд тал нь 60 м гүнээс л ус татаж авч чаддаг тул энэ нутагт одоо бараг мод ургадаггүй. Урьд нь эндээс 10 км яваад л ой мод байдаг байсан бол одоо 300 км хол явж байж модтой таарна.

Гүний усыг хоослоод зогсохгүй хотын хэрэглээний усыг бас бохирдуулсан.

2003 оноос эхлэн 2005 он хүртэл Арлит дахь уурхайн компаниудын нийлүүлсэн усанд КРИИРАД хэмжилт хийхэд альфа идэвхжил ДЭМБ нарийн шинжилгээ хийх шаардлагатай хэмээн тогтоосон доод хэмжээнээс 10-100 дахин их байв.[17]

 Грийнписийн[18] сүүлд өгсөн мэдээгээр энэ нутгийн агаар дахь радоны хий байгалийн хэмжээнээс 3-7 дахин их байв.[19]

 Газраас авсан дээжүүдийн нэгэнд уран болон бусад цацраг идэвхт бодис олон улсын стандартад тогтоосноос илүү, бусад хэвийн гэж хэмжсэн нутгийнхаас 100 дахин илүү байв.[20]

 Түүгээр зогсохгүй ураныг боловсруулахад их хэмжээний хүхрийн хүчил хэрэгтэй болдог. Хүхрийн хүчлийг энэ нутагт маш муу нөхцөлд гарган авдаг нь хүчлэн бороо ороход хүргэж, нутгийн ургамлыг устгасан. Идэх өвс, ургамал олдохгүй болсноос амьтад нь дүрвэж Арлит хотын ойр орчим амьдралгүй хоосон болжээ. Үйлдвэрийн хаягдал ус нь томоохон хөндийд цутгаж, нүүдлийн шувууд түүнээс нь уун хордож үхдэг.[21]

 Уран агуулсан өтгөрүүлсэн хүдрийг тээвэрлэх аюулгүйн нөхцөл нь огт хангалтгүй : цацраг идэвх ялгаруулах торхон дээр зорчигч суулгаж явах, жолоочийн хөлсийг тогтмол төлөхгүй байх, машины дугуй муу байх явдал элбэг.

 2004 оны нэгдүгээр сард ийм машин осолд орж 5 хүн нас барсан. Цацраг идэвхт бодис зам дээр асгарсныг КРИИРАД-ын лабораторид хэмжихэд хэвийн хэмжээнээс 1000 – 10 000 дахин их бохирдсон байсан энэхүү газрыг сар гаран болж байж цэвэрлэсэн.[22]

 Ураны уурхайн ажилчдыг радоны хий хэт их амьсгалуулахаас сэргийлж агааржуулагч нүхнүүд гаргасан байдаг. Гэвч энэ нь гадаах орчныг бохирдуулж уурхай байгаа бүст амьдрах нүүдэлчид төдийгүй ойролцоох хотын иргэдийг хордуулж байна.

 Уурхайн захирлууд хуучин төмрийн хаягдлаа уурхайчдад бэлэглэдэг байв. Уурхайчид төмрийг эргүүлэн Арлит-ийн төмрийн эдлэл хийдэг хүмүүст зардаг. Ийм төмрөөр хоолны сав, цонхны хүрээ, байшингийн дээвэр г.м. зүйлс хийсэн. КРИИРАД-ын тайланд эдгээр эд зүйлс нь цацраг хортой бөгөөд Нигер улс даяар зарагдсан гэж мэдээлжээ.[23]

 Уран үйлдвэрлэхэд хэрэглэдэг эрчим хүч

Ашигт малтмалыг олборлох баяжуулах бүх үйл ажиллагаанд маш их эрчим хүч хэрэглэдэг. Нигерийн уурхайд хэрэглэх эрчим хүчийг нүүрсний цахилгаан станцаас гарган авдаг. Үүнээс гадна СОМАИР, КОМИНАК 2 өөрсдөө дизель хөдөлгүүрүүдтэй. Энэ 2 үйлдвэрийн жилийн хэрэглээ нь 90 Гвт/цаг.

 Дээр нь 10,000 м3 гаруй газрын тос (уурхайн машин техник, хүдэр болон ураны хүчлийг хатаахад) хэрэглэдэг. КОМИНАК-н 2002 оны хэрэглээнээс үзэхэд : нүүрс гарган авах болон хүхэр (11,768т), цемент (5,160т), хлорт натри (3,799т), нүүрстөрөгчид натри (2,955т), амониомын нитрат (1,487т), магнези (637т), тэсрэх бодис (325т) г.м. бодисуудыг гарган авах, тээвэрлэх эрчим хүчийг тооцолгүйгээр, нэг тонн уран үйлдвэрлэхэд 9.7 тонн газрын тос хэрэглэдэг байна.

 СОМАИР 2004 тайланд эрчим хүчний хэрэглээний тухай мэдээлээгүй ч тэдний үйлдвэрийн нэг тонн хүдрээс гарган авах ураны хэмжээ (3 кг) КОМИНАК-ын нэг тонн хүдрээс гарган авах ураны хэмжээ (5 кг) - нээс бага тул илүү эрчим хүч хэрэглэдэг байх магадлалтай.[24]


 Ураны уурхайгаас үүдсэн нийгмийн бусад асуудлууд


Уурхайн 3000 ажилчдын 40% гаруй нь түр гэрээтэй ажилчид. Тэд тэтгэвэр юм уу эрүүл мэндийн ямар ч тусламж авдаггүй. АРЕВА –гийн салбар энэ компаниуд хэзээ ч ажил мэргэжлийн холбогдолтой өвчин илрүүлээгүй гэж хэлдэг. Хавдар тусан нас барсан олон тооны ажилчдыг огт дурддаггүй. Уурхайчдад зориулсан эмнэлэг нь ДОХ-н вирус илрүүлэх лабораторийг маш хурдан нээсэн нь мэргэжлийн үүдэлтэй өвчнийг нуух заль юм.[25]

 КОМИНАК-ийн олборлох уурхайн орчинд үзүүлэх нөлөөний талаарх судалгаанд : уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн байнгын дуу чимээ, тоос нь энэ нутагт чих, хамар хоолой, нүдний өвчин сэдрэх, шинээр тусахад хүргэж байна. Амьсгалын хурц өрөвслөөр нас барагсдын тоо Арлит-д 16.9%, Агадез-д 10.95%, улсын дунджаар 8.54% байна.[26]

Нигерийн Засгийн газар уурхайн уршигт байдлыг эсэргүүцсэн, нутгийн уугуул иргэд болох туарегуудтай яриа хэлэлцээр хийхээс татгалздаг.

 Нигерийн армид бүрэн эрхийг өгснөөр тэд баривчилгаа, аллага, нүүдэлчдийн амьжиргааны эх үүсвэр болох малыг хядах, газар тариалан эрхлэх аргагүй болгох гэх мэт бусармаг зүйл хийдэг. Хүн ам нүүн шилжиж, төрийн бус байгууллагуудыг хорьж, хэвлэл мэдээлэл хяналтад дор ажиллах байдал үүсгэсэн.[27]


 
Орчуулан найруулсан М.Баттуяа

Хянасан: ураны геологич Ленски


Саяхан энэхүү өгүүлэлд гарч буй Арива хэмээх Францын  хөрөнгө оруулалт бүхий компанийн Монголд үйл ажиллагаа явуулж буй Кожи-говь компани нь Ураны ордын нөөцийг шинээр батлуулсан бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ба Техник эдийн засгийн үндэслэл хийлгэхээр сонгон шалгаруулалт хийж буй мэдээлэл байсан. Зөвхөн энэ компани л гэхэд 2010 оны 12 сараас Дундговь аймагт Дулаан уул төсөл дээрээ "байранд нь уусган баяжуулах" технологиор ураныг аль хэдийнээ олборлож эхэлсэн билээ. Удахгүй Дорнодод ажиллаж байсан ураны уурхайнууд дахин ашиглалтад орох болно.

Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж буй мэргэжлийн байгууллагууд, ТЭЗҮ-ийг баталж буй АМГ-ын уул уурхай судалгааны хэлтэс, ЭБМЗ болон ЦЭГ зэрэг байгууллагууд эдгээр ураны ордуудад онцгой анхаарал хандуулах, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоосон нь хожим учирч болох хор уршиг ба урт хугацааны туршид нүүрлэх дахин хэзээ ч сэргээж болохгүй хөнөөлөөс илүү дээр шийдэл болох буйзаа.
Учир нь 20 гаруй хувийн байгууллагад ажиллаж буй 3000 хүрэхгүй ажилтан, улсын байгууллагад ажиллаж буй 90 гаруй хүний цалин мөнгө амьжиргаанаас илүү үндэсний эрх ашиг, 2.7 сая хүний эрүүл аж төрөх нь үнэ цэнэтэй гэдгийг эрх ашгийн аливаа зөрчилд буй хүмүүс зөвөөр ойлгож ухамсарлаасай билээ.
Ингэхийн тулд юун түрүүнд үнэн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал байна.



 Эх сурвалж:

[1] http://www.ccnr.org/uranium_cnp_f.html, Канадад уран олборлосны үр дагаврын тухай тэндхийн цөмийн энерги дэлгэрүүлэхийн эсрэг хөдөлгөөний бэлтгэсэн баримт

[2] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, КРИИРАД нь Францын Валонс хотод байрлах, цацраг идэвхийн талаар судалгаа хийдэг, мэдээлэл өгдөг бие даасан комисс. Энд Нигерийн ураны уурхайн талаар гаргасан тайлан нь байна.

[3] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[4] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

 [5] SOMAПR, Sociйtй des Mines d’Aпr буюу Аир-ийн уурхайн компани нэртэй Францын АРЕВА компанийн Нигер улс дахь нэгэн салбар. 1971 онд байгуулагдсан, 100% АРЕВА-гийн хөрөнгө оруулалттай.

[6] COMINAK, Compagnie Miniиre d’Akouta буюу Акута-гийн уурхайн компани нэртэй. 1974 онд байгуулагдасан. 34% -г нь АРЕВА, 31 %- г нь Нигерийн SOPAMIN, 25 % -г нь Японы OURD (Overseas Uranium Resources Development Company Ltd) 10 %-г нь Испаний ENUSA (Empresa Nacional del Uranio S.A) нар тус тус эзэмшдэг.

[7] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[8] http://www.actualites-news-environnement.com/23532-Greenpeace-denonce-exploitation-Uranium-Areva-Niger.html, байгаль орчны талаархи мэдээлэл өгдөг сайт, Грийнпийс АРЕВА компаний Нигер дэх уран олборлолтыг буруушааж байна гэсэн гарчигтай мэдээ

[9] http://areva.niger.free.fr/docs/communique.pdf, “АРЕВА Нигерт хууль тогтоохгүй” гэдэг нэртэй энэ хөдөлгөөнийг Францын цөмийн эсрэг, байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн 10 аад байгууллага дэмжин, Нигерийн иргэдийн оролцоотойгоор удирдан явуулж байгаа. Францын Засгийн газар, АРЕВА, Европын Холбоо болон бусад олон улсын хамтын нийгэмлэг үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэж шаардаж буй энэ хөдөлгөөний гаргасан мэдэгдэл энд байна.

[10] OURD (Overseas Uranium Resources Development Company Ltd)

[11] ENUSA (Empresa Nacional del Uranio S.A)

[12] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[13] CRIIRAD, Commission de Recherche et d’Informations Indйpendantes sur la Radioactivitй

[14] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, Цөмийн энергээс гарахуй гэдэг Щвейцарийн нийгэмлэг. Шинээр АЦС бариулахгүй байх, байгаа АЦС-уудыг аль болох түргэн хаах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилготой энэ нийгэмлэгийн ураны олборлолт, боловсруулалтын талаар бэлтгэсэн баримт.

[15] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[16] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[17] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[18] Greenpeace international, байгаль хамгаалах, энхийн үйлсийг дэмжих зорилготой олон улсын засгийн газрын бус байгууллага. 40 гаруй оронд салбартай.

[19] http://www.actualites-news-environnement.com/23532-Greenpeace-denonce-exploitation-Uranium-Areva-Niger.html, дээр иш татсан

[20] http://www.actualites-news-environnement.com/23532-Greenpeace-denonce-exploitation-Uranium-Areva-Niger.html, дээр иш татсан

[21] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[22] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[23] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

 [24] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[25] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[26] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[27] http://areva.niger.free.fr/docs/communique.pdf, дээр иш татсан

 

Сэтгэгдлүүд

Зочин
тэр зочины тухай мэдээлэл

General IP Information
IP: 86.202.105.115
Decimal: 1456105843
Hostname: aclermont-ferrand-551-1-18-115.w86-202.abo.wanadoo.fr
ISP: France Telecom
Organization: France Telecom
Services: None detected
Type: Broadband
Assignment: Dynamic IP
Blacklist:
Geolocation Information
Country: France fr flag
State/Region: Auvergne
City: Sardon
Latitude: 45.9667
Longitude: 3.2167

суралцагч (зочин)
good

Би өөрөө ШУТИС-ийн геологийн ангид суралцдаг 4р курсын оюутан нийтлэл чинь таалагдлаа дээр дурьдсан нэрнүүдийг хархад бүгд л Монголын сор болсон геологичид байна. Бид нарт ураны хор хөнөөлийг зааж байсан гэхдээ мэргэжлийн бус хүмүүс нүдэнд үл үзэгдэх тэр хор хөнөөлийн талаар төдийлөн сайн иэдэхгүй байх. Энэ талаар мэдээлэл олгож байгаа чинь үнэхээр бахархууштай бас хүмүүс геологи гэхээр ухаж төнхөөд сүйтгэдэг юм боддог, гэхдээ үнэн хэрэгтээ бид ажлаа хийж яваа жирийн нэг иргэн хүн гэж боддог. Миний ажил гоё бидэнд Монгол орныг яаж сүйтгэхийг заадаггү харин хэрхэн яаж эрж хайх болон зөв ашиглахыг заадаг.
Ленски тань баярллаа бусадтай мэдлэгээсээ хуваалцсан залуу геологи бидэнд өмнөх үеэсээ сурах юм их байна.

ленски (зочин)

Цэнхэр цагаан улааны эсрэг улаан цэнхэр улаан
Дээрх өнгийн төрийн далбаатай франц улсад суугаа moulineaux-д ч муу эсвэл vichy-д ажиллаж амьдарч сурч буй ямартай ч france-д суугаа эрхэм зочинд
(south-central france. 98 auvergne cournon-d'auvergne latitude /longitude 45.7500 / 3.2167)

Нэгдүгээрт би цээжээ дэлдэж сүрхий геологич гэж хэзээ ч ярьж байгаагүй. Би үнэхээр бардам мэдлэг чадвартай сүрхий геологич байсан бол бусад даа ураны эрэл хайгуулын арга аргачлалын тухай номлож зааж бичих байсан юм.
Бичихээр зорьж судалж л байна даа. Гэхдээ тийм хэмжээнд хүрээгүйгээ хэнээс ч ичихгүй шударга хэлнэ.

Харин энэ блогийг би анх нээх дээ л залуу геологичид болон энгийн хүмүүст мэдлэг олгох зорилгоор шинжлэх ухааны ХЯЛБАРШУУЛСАН өгүүлэл байдлаар энгийн нийтлэлүүд бичих болсон.

2010 оны гурван сард би энэ блогийг нээхдээ ураны тухай чамгүй судалж 160 гаруй эрдсийн тухай мэдээллийг орчуулж түүнийг Гарамжавгай болон петрологи минералогийн танхимын багш С.Мягмарсүрэн гуайд үзүүлж зөвлөгөө авч цаасны хогонд өгөх гэж байсан хуучин номноос нь хэдэн ном авч люминесценцийн гэрлийг нь гуйж авч засчих санаатай ажиллаж байсан юм шүү. Тэднээс болон профессор Ж.Лхамсүрэн гуай болон доктор Д.Батөлзий багш нараас өдий төдий ном, эх материалыг нэр ус аа зурайтал бичүүлж байгаад авдаг бөгөөд Ю.Б.Миранов тэргүүтний чамгүй ном материалын туслалцаатай энэхүү интернет блог хуудсыг сүүлийн 5 жилийн өөрийн ядмагхан судалгааг салбарын залууст сонирхож үзээсэй билээ, ахмадууд маань засаж залуулаасай билээ хэмээн нээж бичиж эхэлсэн билээ. Одоогоор өөрөөс чинь өөр шүүмжилж доромжилсон хүн гараагүй байна. Ийм хүмүүс цаашдаа бишгүй дээ нэг гарах бол би чиний хэлсэнд үнэмшинэ.
Монгол орны эрдэс баялгийн тухай монгол хэлнээ эмхтгэн гаргаж буй ном материалд Оюунгэрэл багш ураны чиглэлээр мэдээ материал бэлтгэж байхад нь Монгол орны хаана хаанаас ямар нэртэй эрдэс, хүдэр, ураны элементүүд олдож байсныг би хэлж өгч байсан юм шүү.
Мэдэхгүй чадахгүй эрдэс чулуулгаа би гартаа бариад О.Чулуун, Д.Батболд, Э.Оролмаа [С.Дандар] гуай зэрэг хүмүүсээс асууж сураглаж явдаг. Ураны чиглэлээр ажиллаж буй Жамсрандорж гуайн нийтлэл ярилцлагыг анхааран уншиж биечлэн уулзаж хурал зөвлөгөөнд санал шүүмжээ солилцож явдаг. Соломоны Э.Батмөнх гуайн нийтлүүлсэн болгоны алслахгүй уншдаг юм шүү. Алс даа Г.Дэжидмаа гуай шиг Монголын геологид өөрийн хувь нэмрийг үлдээх юмсан гэж эрмэлздэг. Товчхондоо бол би тасарчихсан хөөрүү нэгэн биш бөгөөд олонтойгоо явж л байна.

Гэхдээ би хорвоо ертөнцийг дан ганц геологич хүний нүдээр л хардаг юм биш шүү. Өөртөө үнэлэмжтэй дотор оо бодолтой, цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй явна.
Цацрагийн нүдэнд үл үзэгдэж гар үл баригдах амт үнэргүй энэ хор хүнийг аажим үхлээр үхүүлдэг болохыг өнөөгийн цөмийн цахилгаан станц бол жорлонгүй орон сууцтай адилхан байгаад санааширч АМ салбар дахь эрх зүйн шинэтгэлүүд Монгол орны маань язгуур эх ашгийг хөндөж байгааг эмзэглэн харж эсэргүүцэн бичдэг. Бичнэ би. Японы болон Германы иргэдээс амнаас нь сонсож зовлон нажидыг нь биеэр амссан мэт мэдэрсэн аригумент нотолгоотой тоо баримттай гэрчтэй зүйлсийг найз нарынхаа илгээсэн шинж үеийн ном товхимлыг ашиглаж энд өгүүлж байгаа юм шүү. Хаа ч гэж энд би эх сурвалжаа дурддаг соёл бий. Гүжирдлэг доромжлол бий бол би шоронд суух ёстой. Бас Ураны болон цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг үндэсний инженерүүд өөрсдийн хүчээр судлах, өргөжин тэлэх боломжтой байгаасаа гэж боддог болохоос гаднынхан олборлож олж илрүүлж хаана байгааг нь биднээс илүү танин мэдэж хожин нь энергийг нь ашиглаад бидэнд арилшгүй хороо буцаан өгөх гэж байгаа бол бухимдана энэ тухай бичих болно.
"Геологийн аль ч салбарын ямарваа судалгаа, ажиллагаа нь уг чанартаа эрдэм шинжилгээний агуулгатай байдаг." гэж Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор профессор Ж.Лхамсүрэн гуай Б.Лувсанданзан гуайн 2011 онд дахин хэвлэгдсэн номын оршилд бичсэнчлэн юу юуны түрүүнд олборлоё ашиглая, ухъя, атомын цахилгаан станц барья гэж байхын оронд дэс дараатай эрэмбээр нь судалж танин мэдье гэсэн санал дэвшүүлж байна.
Бид энэ салбарт үнэхээр балчирдана гэдгийг УИХ-ийн чуулганы танхим дотор хүлээн зөвшөөрцгөөж байхад эх орон доо хэрэгтэй эрдэм судалгааг халаасандаа мянган төгрөгийн ч орлого олохгүй хир нь ахиулж байгаа нэгнийгээ битгий адал.
Чи бодвол Аревад ажилладаг эсвэл Аревагийн тэтгэлгээр суралцаж буй нэгэн биз хэмээн би чиний тухай ер мэдэхгүй байж дүгнэж хэлмээргүй байна.
Харин 21-р зуунд жалгын мухарт сууж аливааг сургаар дуулж танилаар баримжаалж өөрийгөө төвтэй ертөнц оршин буй мэт сэтгэж байхын оронд энэ олон нээлттэй эх сурвалжаас судалж үнэ мөнийг нь олбол надад ийм үг хэлэмгүй санагдах юм. Гадаад дотоодод зорчиж галуу шувууны мах идэж юм үзэж нүд тайлсан хүмүүс над шиг хээрээр гэр хийж хэцээр дэр хийсэн бадарчнаас илүү л байлгүй яахав. Гэхдээ энэхүү цөмийн хор хөнөөлийн талаар ... хэзээ ч тунгалаг болдоггүй булингар, шүүсэн шаар, буцалгасан шөл, цөмийн арилшгүй хор, зогсоож үл дийлэх аюул, дуусашгүй их хугацааг нь бодож үзээч, түүнийг хөндөхөөсөө өмнө байгалийн эв зүй зохисонд нь үлдээгээч,... энэ тухай бодох судлах мэдэх л хэрэг байна даа гэж байна. сануулж байна, таниулж байна....

"Монголд байхгүй ураны геологич гээд байсан гэлүү" гэж та ам асуусан байна хэн тэгж хэлэв худал яриагүй бол эх сурвалж эзэн хүн ээ алтан хошуутан аа хэлчих...

Хэрэг байдал яаж эргэсэн ч бай би цөмийн хор хөнөөл үй олноор нь заналхийлж байдаг гамшгийн эсрэг бардам зоригтой тэмцэх болно . Ингэж хэлэх дээ миний бах тав ханаж байнам. Миний үнэн нүүр царай энэ...
Хутга нэг мөртэй үг олон мөртэй гэдэг чиний хэлсэн цээжээ дэлдэх, хуулсан нийтлэл,
2 үзүүртэй гэсэн үгнүүд хорон муухай юм...

blog (зочин)
arai l bish ee

Би энэ хүнийг сайн мэдэхгүй ч энэ сайт нээгдээд удаагүй гэж мэдэж байна. Ганц энэ нийтлэлийг уншаад төрсөн сэтгэгдлээ бичье гэж бодлоо. Энэ хүн өөрийгөө ураны геологич гэх, ленски хэмээн гадаад нэрээр нэрлэх, би ийм сайт нээсэн шүү гэж цээжээ дэлдэх зэргийг харахад ураны геологийн талийг хөгжүүлэх гээд байгаа юм уу гэж бодогдмоор. Гэтэл энд тэндээс авчирсан хуулсан нийтлэлийг нь уншихаар цөмийн эрчим хүч тэр дундаа ураны уурхайг эсэргүүцээд байх шиг Ийм нэг 2 үзүүртэй юм ярихаа болиоч ээ эрхэм ЛЕНСКИ гуай. Хүнд өөрийн гэсэн бодол зүг чиг ноён нуруу байх ёстойг санаж явмаар юм, хэрэг байдал хаашаа эргэх нь вэ гэдгийг хараад л сууж байдаг. Тэр зүгт энэ хүн эргэх нь гэдгийг хэн ч ойлгохоор байна.

н эцэст та яг ураны уурхайг дэмжиж ажиллаж байна уу эсвэл дэмжихгүй бусад эрчим хүчээр бид болно гэж үзэж байн уу, дэмжиж байгаа бол ийм сөрөг ухуулгаа боль, дэмжихгүй байгаа бол наад өөртөө зохиогүй нэрээ соль за. Өөрийгөө бас Монголд байхгүй ураны геологич гээд байсан гэлүү, цаана чинь зөндөө олон геологичид хөшигнөөсөө залуу, залуугаасаа хүүхэд хүртэл байна за юу.

Ленски (зочин)

өө Галаа гэдэг уншигч даа баярлалаа нэг хүн гарч ирлээ саналыг маань дэмжихэд маш их баярлалаа

Галаа (зочин)

Блогийг чинь аль дээрээс хойш нэгбүрчлэн уншиж байна.

Цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг олон нийтэд ийнхүү таниулж байгааг тань өндрөөр үнэлэх байна.

Уншигчдаа, эх орноо харийн орны эрчим хүчний эх үүсвэр, хог хаягдлийнх нь агуулах сав болгохгүйн төлөөнөө ингээд бэлдээд өгсөнийг нь унш, мэд, ойлго тэгээд бас тэмц!


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски

idiomatic-dormant
idiomatic-dormant